НЭХИЙ БОЛОН НООСЫГ ҮНЭ ХҮРГЭХ ТУРШИЛТ, СУДАЛГААНЫ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хөнгөн үйлдвэрлэлийн судалгаа, хөгжлийн хүрээлэн /ХҮСХХ/ “ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН” хөтөлбөртэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. “ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН” хөтөлбөрийн хүрээнд гарч ирэх 8-9 сартай төлөгний /хурга/ үслэг буюу нэхий, ноос зэрэгт тус хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачидтай хамтран туршилт, судалгаа хийх юм байна. Хүрээлэнгийн захирал доктор Т.Төрмөнх; “8-9 сартай хурганы нэхий болон ноос нь монгол малын түүхий эдийн чанарт цоо шинэ дэвшил авчирна. Удахгүй бид олон улсын стандарт хангасан ноос болон нэхийгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болно” гэж онцолсон юм.

Харин “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-ын тэргүүн Л.Одсэр “Малчид төлөгний /8-9 сартай хурга/ махаа дотоод болон гадаад зах зээлд нийлүүлэхээс гадна үнэгүй болоод байгаа малын дагалдах нэхий, ноос зэрэг түүхий эдээ ч үнэ хүргэх боломж нээгдэж байгаа”-г хэлсэн.

“Чинээлэг малчин” хөтөлбөрийн “Хонь” дэд хөтөлбөр нь монгол хонийг эдийн засгийн эргэлтэд хурдан оруулах замаар малчдын орлогыг нэмэгдүүлэн, бэлчээрийг хамгаалж, эко хүнс бэлтгэх зорилготойгоор ажиллаж байгаагаараа онцлогтой. 

 

2020.03.16