НООС, НООЛУУРЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙГ АТТЕСТАТЧИЛЛАА

ХХААХҮЯ-ны захиалгаар уг ажил хоёр сарын хугацаанд үргэлжилж, давхардсан тоогоор ноос, ноолуурын 194 үйлдвэрийн үйл ажиллагааг үнэлж дүгнэж аттестатчилал явууллаа. 

Монголын ноос, ноолуурын холбооноос экспортын гол салбарын нэг болох ноос, ноолуурын салбарын өнөөгийн дүр төрх, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт, цаашдын ирээдүйг төлөвлөх мэргэжлийн судалгаа, аттестатчлалыг амжилттай зохион байгуулсан байна. 

Дэлхийн ноолуурын салбарын зах зээлд Монгол Улс хамгийн том нийлүүлэгч орны тоонд зүй ёсоор багтдаг. Энэ нь Монгол Улсын хувьд экспортын хамгийн ирээдүйтэй салбар болохыг батлахын зэрэгцээ цаашид нийлүүлэгчээс үйлдвэрлэгч орон болох шаардлага зүй ёсоор тавигдаж буй. Үүний тулд дотоодын үйлдвэрлэгчдийн хүчин чадал, ололт амжилт, сул тал, төрөөс анхаарах бодлого зэргийг цогцоор нь авч үзэх шаардлага тулгараад байгааг мэргэжлийн хүмүүс онцолдог. Тэгвэл үүнд хариулт өгсөн томоохон судалгаа, зөвлөх үйлчилгээний ажлыг амжилттай хэрэгжүүлж ХХААХҮЯ-нд хүлээлгэн өгчээ.

 

Аттестатчиллыг удирдан явуулсан Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг  хэлэхдээ:

-ХХААХҮЯ-наас зарласан тендерт Монголын ноос ноолуурын холбоо шалгаран гүйцэтгэсэн ажил юм. Юуны өмнө онцолж хэлэх зүйл бол нэгд, судалгаа, аттестатчлалын багт мэргэжлийн хүмүүс ажилласан. Үүнд Монгол Улсын зөвлөх инженерүүд, доктор профессорууд, ШУТИС, МУИС-ийн эрдэмтэн багш нарын оролцоотой 14 хүний бүрэл­дэхүүнтэй баг ажиллалаа. Хоёрт, аттестатчлал хийсэн компани тус бүрт технологи, тоног төхөөрөмж, ажлын байрны нөхцөл, брэндинг, экспорт, тогтвортой үйлд­вэрлэлийн зарчим, ISO стандарт буюу Монголын Хаан Ширхэгт тэмдгийг эзэмшдэг эсэх зэрэг үзүүлэлтээр үнэлгээ өгч, зөвлөмж хүргүүлж байгаагаараа онцлогтойг дурьдсан байна. 

Мөн тэрээр хэлэхдээ цаашид Монгол улс угаасан ноолуурын экспортыг бүрэн хориглох шаардлагатай байгааг дурдлаа.

 

2020.01.15