ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019 оны Шинжлэх ухааны ажилтны баярын өдөрт зориулан ХҮСХХ нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Уг эрдэм шинжилгээний бага хурлыг 11 сарын 29-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний бага хуралд Ноос, ноолуур судлалын салбар, Арьс шир судлалын салбар, Металл машин судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, шинжээч нар нийт 9 илтгэлээр оролцлоо. Хэлэлцүүлсэн илтгэлүүдэд тус хүрээлэнгийн  судлаачдын хэрэгжүүлж дууссан, одоо хэрэгжиж буй ШУТ-ийн төсөл, суурь судалгаа болон олон улсын ЮНИДО байгууллагын Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн үр дүн болон судлаач нарын өөрийн сонирхлоор хийж буй, цаашдаа докторын судалгааны ажлууд арьс шир боловсруулах тоног төхөөрөмжийн бүтэц, хийцийн зохион бүтээл зэрэг хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулахуйц чухал ач холбогдолтой болсныг зочин шүүгчээр оролцсон доктор А.Батсайхан, доктор Ю.Ганчимэг, доктор Х.Мөнхзаяа нар цохон тэмдэглэлээ. Шүүгчдийн дүнгээр эрдэм шинжилгээний бага хурлаар хэлэлцүүлсэн илтгэлээс дараах байдлаар байрыг эзлүүлж шагнав. Үүнд:

1-р байр: Э.Дагвасүрэн, Г.Батчимэг,Ч.Батсүрэн “Гишүүний биобэлдмэлээр хонины ноосон ээрмэл будах туршилт судалгааны үр дүн”

2-р байр: Г.Батчимэг, Г.Надмид, Л.Оюунчулуун “Пигментгүйжүүлсэн сарлагийн хөөврийн шинж чанарын судалгаа”

3-р байр: Л.Оюунчулуун, Д. Энхтуяа “Монгол ямааны ноолуурын зэрэглэл, хэрэглээг тодорхойлох статистик үзүүлэлтүүдийн судалгаа”  сэдэвт бүтээлүүд шалгарч шагнагдав.

Баярын хурлын бас нэг арга хэмжээ нь зочин илтгэлээр Шинжлэх ухааны доктор (Sc.D) Г.Лхагва “Дарвины бичнээс энергийн онол хүртэлх хүмүүний хувьсал”, доктор (Ph.D) Ю.Ганчимэг, “Adsorption of Cr(III) on the modified wool” сэдвээр тус бүр сонирхолтой илтгэл хэлэлцүүлж танин мэдэхүй, судалгааны ажлын үр дүнгээс манай эрдэм шинжилгээний ажилтнуудад хуваалцлаа. Ингэснээр бусад салбарын судлаач нартай хамтран ажиллаж судалгаа шинжилгээний ажлын цар хүрээг нэмэгдүүлэх боломж бүрдлээ.

Мөн Шинжлэх ухааны ажилтны баярыг тохиолдуулан БСШУСЯ-ны хүндэт жуух бичгээр Сорилтын төвийн захирал, доктор (Ph.D) Р.Бадмаанямбуу, тус яамны тэргүүний ажилтан цол тэмдгээр Эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Цэрэндулам, Эрдэм шинжилгээний ажилтан А.Гантөмөр нар шагнуулав.

Ноос, Ноолуур Судлалын Салбар

2019.12.01